Коллагенаар баялаг хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэснээр таны бие коллагеныг илүү ихээр үйлдвэрлэх нь гарцаагүй юм. Харин энэ үйл явцыг дэмжих шинжлэх ухаанаар батлагдсан ямар хоол хүнс байдаг талаар энэ удаагийн нийтлэлдээ ярилцая.
- Үхрийн ясны шөл. Үхэр бол одоогийн байдлаар зах зээл дээр байгаа хамгийн том коллагений эх үүсвэрийн нэг юм. Хэрвээ та арьс, үс, хумсны байдлаа сайжруулахад туслах 1-р төрлийн коллаген хайж байгаа бол үхэр нь хамгийн оновчтой сонголт болно. Үхрийн ясыг 4-24 цаг буцалгаж гаргаж авсан шөл, эсвэл үхрийн булчин шөрмөс ихтэй махны төрлүүдэд коллаген хамгийн ихээр агуулагддаг байна.
- Тахианы арьс. Тахианаас гаргаж авсан коллагений бэлдмэл хэрэглэсэн 39-59 насны эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар арьсны хялгасан үрчлээ багассан, нүдний цацраг үрчлээ бүдгэрсэн, мөн арьсны уян хатан байдал нэмэгдсэн байжээ. Тэгэхээр та тахианы махыг хэрэглэхдээ арьстай нь хамт идэх, эсвэл татсан мах хийхдээ махны арьсыг хамт хийж байхаа мартуузай.
- Гахайн ясны шөл. Коллагены өөр нэг нийтлэг эх үүсвэр бол гахайн мах болон гахайн дайвар бүтээгдэхүүнүүд юм. Гахайн коллаген нь хүнийхтэй маш төстэй байдаг тул орчин үеийн анагаах ухаанд арьсны шарх, үе мөч шөрмөсний нөхөн төлжүүлэх зэрэгт түлхүү ашигладаг байна.
- Сардин загас. Бусад амьтны гаралтай коллагенаас ялгарах нэг онцлог нь загасны яс, арьс, хайрсанд коллаген төвлөрөн оршдог байна. Тиймээс та бүхлээр нь идэж болдог сардин гэх мэт загасыг сонгон хэрэглэснээр коллагенийг дээд хэмжээгээр авах боломжтой. Бусад өөр төрлийн загас идэхдээ арьсыг нь хамт идээрэй.
- Дотор эрхтний мах. Монголчууд бидний идэж заншсан амьтны элэг, зүрх, бөөр, уушиг зэрэг дотор эрхтнүүдэд 1-р төрлийн коллаген хамгийн ихээр агуулагддаг байна.
- Коллаген агуулсан уух зүйлс. Гадны өндөр хөгжилтэй оронд кофе шоп эсвэл смүүти бар зэрэгт нэмэлт коллагентай уух зүйлс зарах нь элбэг болсон байна. Ингэхдээ бидний сайн мэдэх коллаген пептид буюу нунтаг коллагенийг түлхүү хэрэглэж байна. Учир нь нунтаг хэлбэрийн коллаген биед шингэх нь амар бас хурдан байдаг нь судалгаагаар нотлогдсон. Харин манай Монголд ижил төстэй үйлчилгээ хараахан дэлгэрээгүй байгаа учир бүгдээрээ гэртээ чанасан кофендоо коллаген пептидээ найруулж л ууж байя даа.
- Резинен чихэр. За энэ бол мэдээж хамгийн эрсдэлтэй төрөл юм. Резинен чихрийг хийдэг желатиныг нунтаг коллагенаар хийдэг боловч бүгд амьтны гаралтай коллаген ашигладаггүй. Хэрвээ ургамал, жимснээс гаргаж авсан желатин, эсвэл vegetarian гэсэн тэмдэглэгээтэй бол тэр бүтээгдэхүүнд коллаген агуулагдаагүй гэж ойлгож болно. Америк зэрэг улсад эрүүл бөгөөд чихрийн орц багатай, амьтны гаралтай коллаген агуулсан резинен чихрүүд илүү олон сонголттойгоор бий болсоор байна.
- Берри жимсний төрлүүд. Үхрийн нүд, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, нэрс зэрэг берри төрлийн жимснүүд нь витамин Ц баялаг тул хүний бие коллаген үйлдвэрлэх явцад томоохон дэмжлэг үзүүлдэг. Мөн бид байгалиараа витамин ц үйлдвэрлэж чаддаггүй тул хүнс тэжээлээрээ дамжуулан авахаас өөр арга байхгүй. Витамин ц тогтмол хэрэглэснээр арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах зэрэг өөр бусад ач холбогдол их байдаг.
- Брокколи. Өөр нэг витамин ц баялаг хүнс бол брокколи юм. Нэг аяга брокколинд таны бүтэн өдрийн витамин ц-ийн хэрэгцээг хангахуйцаар агуулагдаж байдаг. Витамин ц нь коллаген нийлэгжилтийг дэмждэг бөгөөд заавал коллаген ба витамин ц 2-ыг зэрэг идэж уух ёстой гэсэн үг биш. Өдрийн турш аль альныг нь өөрт тохирох хэмжээгээр ямар ч эх үүсвэрээс авсан хангалттай.
- Зуун наст. Судалгаанаас үзэхэд хүн өдөрт 40 микрограм зуун настыг дотроосоо хэрэглэснээр арьсны ханыг бэхжүүлж, чийгшлийг нэмэгдүүлж, уян хатан байдлыг сайжруулсан байна. Тэгэхээр зөвхөн наранд түлэгдсэн арьсандаа түрхдэг зуун настын гелийг өдөр тутамдаа арьсандаа түрхэх, бүр цаашлаад зуун настыг хоол хүнсэндээ хэрэглэх нь ач холбогдолтой байхнээ.
Эх сурвалж: Eatingwell.com 2023/8/15